my photo

my photo

Thursday, February 27, 2014

Малын хээл тодорхойлох аргууд


Энэхүү мэдээлэлд мал амьтдын хээл тодорхойлох аргуудын мөн чанар, хээлтэй малын үржлийн эрхтэнд гардаг өөрчлөлтийн талаарх мэдээллийг багтааж өглөө.
http://www.slideshare.net/slideshow/embed_code/31729390

Орчин үед мал эмнэлэгт ЭХО буюу хэт авиан шинжилгээг өргөн хэрэглэх болсон. Гадаадын нэг үхрийн аж ахуйд ЭХО шинжилгээ хийж буй бичлэг орууллаа.



Мал эмнэлгийн  оюутнуудын хиймэл орчинд хэрхэн дадал эзэмшиж буй видео бичлэгийг мөн орууллаа.

Saturday, February 15, 2014

Амьтны нугаламын монгол-англи зурган тайлбар

Сээр нуруутан амьтны нугаламыг хүзүү, сээр, харцага, ууц, сүүлний нугаламууд гэж ангилан нэрлэдэг. Нугаламын дотор хөндийд уургийн тархины үргэжлэл мэдрэлийн гол хэсэг болох нугас байрладаг. Мал эмнэлгийн практикт нугаламын байршил анатомийг маш сайн мэдэж байх нь чухал бөгөөд жишээ нь   ууц болон сүүлний нугаламанд мэдээ алдуулалт хийж эх барихын тусламж үзүүлэх болон мэс заслын ажилбар хийх нөхцлийг бүрдүүлдэг.



Эр амьтны үржлийн эрхтний монгол-англи зурган тайлбар

Эр амьтан буюу хээлтүүлэгч амьтны үржлийн эрхтний  бүтцийг англи монгол үгийн тайлбартайгаар оруулж байна.




Wednesday, February 12, 2014

Бидний бие махбодийн хөгжил энгэж эхлэдэг.



Early Embryo Viability Assessment (Eeva™)технологиор авсан эрт үеийн үр хөврөлийн хөгжил буюу бидний бие махбодийн хөгжил хэрхэн эхлэн явагдаж байгааг харуулсан видеог орууллаа.

 

 

 


Эм амьтны үржлийн эрхтний монгол- англи зурган тайлбар

Мал эмнэлгийн нөхөн үржихүйн чиглэлийн толь бичиг ховор байдаг билээ. Тиймээс энэхүү тайлбар оюутнуудад хэрэг болох үүднээс  орууллаа. Цаашид өөрийн чадлын хэрээр монгол - англи үгний тайлбарыг оруулж байх болно.


Sunday, February 9, 2014

Биотехнологийн аргуудыг мал эмнэлгийн ухаанд хэрэглэх нь



Биотехнологийн аргуудыг мал
эмнэлгийн ухаанд хэрэглэх нь

Мал эмнэлгийн практикт биотехнологийг хамгийн өргөн хэрэглэдэг салбар бол мал амьтны нөхөн үржихүйн судлал юм. Үүнд биологийн өндөр идэвхитэй даавар ялгаж авах болон нийлэгжүүлэх, үр хөврөл шилжүүлэн суулгах, үр хөврөлийн бичил ажилбар хийх, трансген амьтан гаргаж авах зэрэг судлагаа шинжилгээ болон үйлдвэрлэлд биотехнологийг өргөн ашиглах болсон.
Монгол улсын хувьд даавар ялган цэвэршүүлэх, үр хөврөл шилжүүлэн суулгах зэрэг ажлуудыг судалгаа шинжилгээний төвшинд хийж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорин ажиллаж байгаа билээ.
Мал эмнэлэгт тэр тусмаа мал, амьтны нөхөн үржихүй судлалын салбарт биотехнологийн аргуудыг хэрэглэх нь  мал, амьтны бэлгийн мөчлөг, түүний үе шатуудыг танин мэдэж,  хээлтэгчийн нөхөн үржих чадварыг бүрэн ашиглан, ашиг шимийг нэмэгдүүлэх, түүний  үржлийн үйл ажиллагааг биологийн бэлдмэлүүд ашиглан ухамсартайгаар хянан зохицуулах боломжуудыг  олгодог.
Бэлгийн мөчлөгийг хянан зохицуулах биотехнологийн арга нь дааврын болон  биологийн идэвхт бусад бэлдмэлүүдийг ашиглан нөхөн үржихүйн үйл ажиллагааг идэвхжүүлэх, зохицуулахад чиглэгдсэн үйлдлүүд юм.
Манай улсын мал эмнэлгийн нөхөн үржихүйн практикт олон өндгөн эс гадагшлуулах аргаар олон  үр төл хүлээн авах, ороо жигдрүүлэх замаар өндгөн эс гадагшлах хугацааг зохицуулах, бэлгийн мөчлөгийг сэргээх, идэвхжүүлэх, сүргийн хээлтүүлгийн үеийг өөрчлөн зохицуулах биотехнологийн аргуудыг өргөн ашиглаж байна.
Олон өндгөн эс гадагшуулалт

Нэг хээлтэгчээс нэг удаагийн төллөлтөөр авах үр төлийн тоог нэмэгдүүлэх ба өндөр ашиг шимт хээлтэгч малын үржлийн ашиг шимийг дээд зэргээр ашиглахын тулд нэгэн зэрэг олон өндгөн эс гадагшлуулж үр тогтож, эвсэл эс болмогц  өөр хээлтэгчид шилжүүлэн суулгах зорилгоор олон өндгөн эс гадагшлуулах биотехнологийн аргыг практикт хэрэглэдэг.
Анх 1940-өөд оны үед Оросын эрлдэмтэн Заводовский хээлтэй гүүний цусны ийлдэс ашиглан олон өндгөн эс гадагшлуулах аргыг каракуль хонинд хэрэглэжээ. 45-90 хоногийн хээлтэй гүүний цусны ийлдсэнд ихсийн гонодатропин хамгийн их хэмжээгээр агуулагддаг. Хонины хээлтүүлгийн үед нь эхний ороог өнгөрснөөс 14-15 хоногийн дараа, өөрөөр хэлбэл уутанцрын хөгжил эхлэх үед 100 олон улсын нэгж тунгаар ХГЦИ- ийг тарихад өндгөн эсийн хөгжих тоо нэмэгддэг байна. Ийм боловсруулалт хийсэн хонийг хээлтүүлснээр 100 эхээс 100-150 хурга бойжуулж байжээ. Орчин үед энэ аргыг бусад аргуудтай хослон хэрэглэж байна. Тухайлбал ХГЦИ тарихын өмнө 8 хоногийн турш прогестроны боловсруулалт хийдэг байна. Энэ нь эргэх холбооны механизмаар  бэлгийн мөчлөгийн шингэний хүчин зүйлүүдийг идэвхжүүлж өгнө. Түүнчлэн Австралид эхний ороо өнгөрснөөс хойш 12-13 дах өдөрт ХГЦИ- ийг   гонадотроп релизинг дааврын хамт тарихад нэг удаа гадагшлах өндгөн эсийн тоо илүү нэмэгдэж байжээ. Энэ нь өнчин тархины урд хэлтрийн уутанцар идэвхжүүлэх дааврын ялгаралтыг эрчимжүүлэхтэй хослон гонадотроп дааврын хэмжээг зохиомлоор нэмэгдүүлдэгт оршино.
Үнээнд олон өндгөн эс гадагшлуулах нэг үндсэн арга нь бэлгийн мөчлөгийн 10-12 дах өдөрт уутанцар идэвхжүүлэгч дааврыг 20мг тунгаар 12 цагийн зайтай 4 удаа тарьж хэрэглэдэг.  Гэвч үнээнд энэ аргаар боловсруулалт хийхэд 34 хүртэл хувь нь хээл тээлтийн 70-110 дахь хоногтоо хээл хаях, үхсэн төл гаргах, тугалын нилээд хэсэг нь бэлгийн гаж хөгжилтэй төлийн үхэл хорогдол эхний 20 хоногтоо хэвийн төллөлтөөс 2 дахин нэмэгдэх, төллөлтийн хүндрэл ба хаг саатах зэрэг эмгэгт нэрвэгдэх нь нэмэгдэх хандлага ажиглагддаг байна.  Эдгээр сөрөг үр дагавар нь зонхилон нэг хээл тээдэг амьтны хувьд 3-4 ба түүнээс олон хээл тээснээс  шалтгаалан үүсэж буй хүндрэлүүд юм.  Ийм учраас практикт үнээнд олон өндгөн эс  гадагшлуулах биотехнологийн  аргыг хэрэглэж буй тохиолдолд хээл авч эвсэл эс үүссэний дараа түүнийг мэс заслын ба мэс заслын бус аргаар авч ашиг шимээр бага өөр хээлтэгчид шилжүүлэн суулгах буюу  удаан хугацаагаар гүн хөлдөөж хадгалах  зорилгоор ашигладаг.
Гахайн аж ахуйд бэлгийн мөчлөгийн 15-16-дахь хоногт ХГЦИ ба өнчин тархины уутанцар идэвхжүүлэгч даавар тарих замаар олон өндгөн эс гадагшлах үйлийг тэтгэдэг. Гахайн хувьд өөрөө олон хээл тээдэг амьтан учраас  олон өндгөн эс гадагшлуулах арга нь төдийлөн ач холбогдолтой бус,  нэг удаагийн хээл тээлт 1-1.5 төлөөр нэмэгдэх боловч үр хөврөлийн  хөгжлийн шатандаа үхэл нь ихэсдэг байна. 
Орчин үед олон өндгөн эс гадагшлуулах зорилгоор  өнчин тархины уутанцар идэвхжүүлэгч дааврууд ба ихсийн гонадотропин гаралтай Голландад фоллигон хроногест, Германд интергонан, Шинэеландад овоген, Чехэд фолликотропин, Италид Супер ОV гэх мэт нэртэй бэлдмэлүүдийг янз бүрийн хувилбараар хэрэглэдэг.

Хээлтэгчийн ороо жигдрүүлэх

Тодорхой зорилгоор нэгэн зэрэг бүлэг хээлтэгчийн ороог оруулахад энэ аргын зорилго оршино. Биотехнологийн энэ аргыг ашигласнаар дараах  давуу талууд бий болдог. Үүнд
Ø  Өдөр бүр хээлтэгчийн ороо ба өндгөн эсийн гадагшлалтыг хянах шаардлагагүй болно.
Ø  Мал хээлтүүлэх, төллүүлэх хугацааг урьдчилан төлөвлөх боломжтой болохын зэрэгцээ МАА-н гаралтай бүтээгдхүүн  үйлдвэрлэлийг өөрийн хүссэн хугацаанд төлөвлөн үйлдвэрлэх нөхцөл бүрдэнэ.
Ø  Зохиомол хээлтүүлгийн ажлыг зохион байгуулах, түүнд зарцуулах хугацаа, хөдөлмөр хөнгөвчлөгдөнө.
Ø  МАА-н байгууламжууд, хашаа байрны ашиглалтын үр ашиг нэмэгдэнэ.
Мөн түүнчлэн хөврөл шилжүүлэн суулгах зорилгоор  өргөн ашиглаж байна.  
            Мал, амьтдын ороо жигдрүүлэх, өндгөн эсийн  гадагшлах хугацааг зохицуулахдаа  өндгөвчинд уутанцар хөгжих үйлийг түр зуур дарангуйлах болон шар биемийн буцаж шимэгдэлтийг хурдасгах замаар уутанцрын хөгжлийг эрчимжүүлэх гэсэн 2 үндсэн аргыг  ашиглаж байна.
Өндгөвчинд уутанцар хөгжих үйлийг дарангуйлагч бэлдмэлүүдийг нэгэн зэрэг олон хээлтэгчид  хэрэглэхэд уул бэлдмэлийг хэрэглэхээ болимогц бүх хээлтэгчид уутанцрын хөгжил нэгэн зэрэг эхэлж улмаар нэгэн зэрэг ороо нь орж, өндгөн эс гадагшилна. Өндгөвчний уутанцрын хөгжлийг дарангуйлахын тулд гол төлөв прогестроны бэлдмэлийг хэрэглэдэг. Прогестроны бэлдмэлийг тухайн зүйлийн амьтны шар биемийн идэвхтэй үйл ажиллагаатай тэнцүү хугацааны туршид хэрэглэнэ. Ингэхэд өндгөвчинд байсан болон үүссэн шар бием дааврын бэлдмэл хэрэглэх хугацааны туршид шимэгдсээр боловсруулалт хийж дуусах үед бүрэн шимэгдсэн байдаг. Ингэснээр боловсруулалт зогсмогц бүх хээлтэгчид уутанцрын хөгжил нэгэн зэрэг эхэлж ороо ба өндгөн эсийн гадагшлалт нэгэн зэрэг явагдана.  Практикт прогестроны бэлдмэлийг   тэжээлтэй хамт дотуур олгох, таблетек хэлбэрээр арьсан дор суулгах, булчинд тарих ба үтрээнд тусгай багажийн тусламжтайгаар суулгах зэрэг аргуудаар боловсруулалт хийдэг. Англид үнээ гунжны ороог жигдрүүлэхийэд PRID  хэмээх бэлдмэлийг хэрэглэж байна. Энэ нь прогестрон ба эстрадиол бензаотын хослол бөгөөд уян хатан силикон спиральтай байдаг. Энэхүү спиралыг үтрээ өргөсгөчийн тусламжтайгаар үтрээнд оруулж 12 өдрийн турш байлгана.  Ингэхэд прогестроны шимэгдэлт алгуур явагдах ба түүнийг авснаас хойш 48-72 цагийн дараа ороо ордог.
1970-80-аад оноос гахайн аж ахуйд ороо жигдрүүлэх зорилгоор стеройдын бус бэлдмэл металлибур цинкийг  ашиглаж буй бөгөөд тэжээлийнх нь хамт 100мг тунгаар 20 өдрийн турш олгодог. Энэ бэлдмэл өнчин тархины уутанцар идэвхжүүлэх дааврын нийлэгжилт ба ялгаралтыг саатуулах үйлдэл үзүүлнэ. Тэжээллэг зогссоноос 24 цагийн дараа ХГЦИ тарих ба 4 хоноод хорионгонадотропиныг тарьдаг байна.  Эдгээр боловсруулалтын дараа хээлтүүлэхэд 90 хувийн хээл авалттай байдаг байна
Ороо жигдрүүлэх хоёрдахь арга бол простагландины бэлдмэлийг ашиглан шар биемийг хайлуулах арга юм.  Үнээний ороо жигдрүүлэхийн тулд бэлгийн мөчлөгийн үе шатыг харгалзахгүйгээр простагландин Ф бэлдмэлийг 11 хоногийн зайтай 2 удаа тарьж хэрэглэж байна. Простагландины боловсруулалтын үед 2- дахь тарилгаас хойш  80-92 цагийн дараа ороо нь орох ба энэ үед хээл авалт гунжинд 54, бүдүүн үнээнд  42%- тай байжээ. Полянцев нар үнээг шулуун гэдсээр шинжилгээ хийж шар бием нь 6-16- дахь хоногтоо хөгжиж байгаа үржлийн эрхтний болон бусад ямар нэг өвчний шинж тэмдэггүй үнээг сонгон дээрх аргаар боловсруулалт хийхэд хээл авалт нь 12-15 хувь нэмэгдэж байсан байна.

Бэлгийн мөчлөгийг сэргээх

Төллөсний дараах үе дууссанаас хойш богино хугацаанд бэлгийн мөчлөг сэргэж, хээл авах нь тухайн амьтны болон сүргийн ашиг шимийг нэмэгдүүлэх нэг чухал хүчин зүйл болдог.
Бэлгийн мөчлөг нь давтагдахгүй байгаа үед түүнийг сэргээхийн тулд прогестроны бэлдмэлийг голлон хэрэглэдэг. Энэ аргын үндэс нь прогестрон даавар өнчин тархины урд хэлтрийн уутанцар идэвхжүүлэгч дааврын нийлэгжилтийг өдөөдөгт оршино. Түүнчлэн прогестроны үйлдлээр өндгөвчний эдийн уутанцар идэвхжүүлэгч дааврын авуур эсийн мэдрэмтгий  чанар нь нэмэгдэнэ. Энэ аргыг илүү үр  дүнд хүргэхийн тулд ХГЦИ ба УИД-ыг прогестроны боловсруулалт хийж дууссаны дараа тарина. Харьцангуй хямд өртөгтэй аюул багатай гонодатропины релизинг нийлэг бэлдмэл бол сурфагон юм. Энэ бэлдмэлийг хэрэглэсний дараа 1 цагийн дотор өнчин тархины урд хэлтрийн уутанцар идэвхжүүлэх дааврын хэмжээ цусанд нэмэгддэг байна. Сурфагоныг үнээнд төллөсний дараа 14-20 дахь хоногт нь 50мкг тунгаар тарих ба үүний үр дүнд шар биемжүүлэгч дааврын нийлэгжилт эрчимжиж өндгөн эсийн гадагшлалт явагдсанаар өндгөвчний үйл ажиллагаа сэргэж бэлгийн мөчлөг хэвийн давтагдах нөхцөл бүрдэнэ.
Гахайн аж ахуйд мэгжний ороог идэвхжүүлэхийн тулд туршуул бодон ашиглахын зэрэгцээ феромоныг хослон ашиглана. Энэ бэлдмэл нь  ихсийн гонодатропиныг агуулна.
Өндгөн эс гадагшлахын өмнө ЛТГ- ын хомсдлын үед өндгөн эс гадагшлах нь 6-12 цаг түүнээс ч илүү хугацаагаар  хожимддог. Энэ нь зохиомлоор хээлтүүлэх үед үр тогтоох чадварыг бууруулдаг. Учир нь өндгөн эс гадагшлахаас өмнө  үед эр бэлгийн эс хээлтэгчийн үржлийн эрхтэнд орж удаан хугацаагаар хүлээснээс  үр тогтоох чадвар нь буурдаг.
Үр дүнгүйгээр зохиомол хээлтүүлэг хийхээс сэргийлэхийн тулд өндгөн эс гадагшлах хугацааг биотехнологийн аргаар зохицуулах боломжтой байдаг. Үүний тулд хэрэглэдэг үндсэн бэлдмэл бол лютейтроп даавар агуулсан бэлдмэлүүдийг ороо эхлэхийн өмнө тарьдаг. Тариа хийснээс хойш үнээнд өндгөн эс гадагшлалт  40 цаг, гахайнх  39-46 цагийн дараа явагддаг  байна. Сурфагон нь хэрэглэж буй тунгаасаа хамаараад өнчин тархинд сонгомол үйлдэл үзүүлнэ. Бага тунгаар тарихад Лютейтроп дааврын нийлэгжилт ялгаралтыг нэмэгдүүлдэг бол их тун нь УИД ба лютейтроп дааврын хоёулангийнх нь  нийлэгжилт ялгаралтыг эрчимжүүлнэ.



Нөхөн үржихүйн практикт биотехнологийн 
  аргуудыг  ашигласны  ач холбогдол

МАА-н практикт хээлтүүлэгч ба хээлтэгч малын нөхөн үржихүйн чадварыг  хэдий чинээ боломжийн дээд түвшинд ашиглаж чадна  эдийн засгийн үр ашиг нь төдий чинээ өндөр байна.
Биотехнологийн аргууд нь арвин ашиг шимтэй хээлтүүлэгч малын үржлийн чадавхийг дээд зэргээр ашиглах боломжийг олгодог. 
Ердийн хээлтүүлгийн үед нэг бух жилдээ 20-25 үнээ хээлтүүлэх боломжтой байдаг бол түүний үрийг зохиомол хээлтүүлэгт ашигласнаар жилдээ нэг бухны үрээр 30000-40000 хүртэл үнээг  үрлэх боломжтой болдог. Түүнчлэн нэг бухнаас амьдралынх нь туршид 300- 400 мянган тун үр бэлтгэж авах боломжтой тухай мэдээлсэн байдаг ба хээлтүүлэгч амьтнаас авсан үрийг гүн хөлдөөж хадгалах замаар үхсэнээс нь хойш ч түүнийг үрээр малыг зохиомлоор хээлтүүлэх боломжтой юм. Зохиомол хээлтүүлгийн ачаар хээлтүүлэгч амьтны ашиг шимийн давуу чанар удамших байдалд  богино хугацаанд үнэлэлт өгч ингэснээр богино хугацаанд арвин ашиг шимтэй сүрэг бий болгох боломжтой. Үүний жишээ бол “Говь гурван сайхан” үүлдрийн ямаа, “Орхон” үүлдрийн хонь зэргийг бий болгосон явдал юм.
Үрийг гадаад орчинд удаан хугацаагаар гүн хөлдөөж хадгалах боломжтой болсон нь тухайн хээлтүүлэгчийн үрийг үхсэнээс нь хойш ашиглах боломжтой болсон төдийгүй  улс, тив хооронд сайн чанарын хээлтүүлэгчийн генийн санг зохистой ашиглах боломж нээгдэж байна. Түүнчлэн дэлхийд нэн ховордсон улаан номонд бичигдсэн ан амьтдын үрийг гүн хөлдөөж хадгалснаар тэдгээрийг  олшруулан үржүүлэх боломжтой гэж үздэг. Түүнчлэн зохиомол хээлтүүлгийн аргыг хэрэглэснээр ердийн нийлүүлгийн үед бэлгийн замаар халдварладаг вибриоз, трихомоноз зэрэг халдварт өвчнүүдээс  мал сүргийг эрүүлжүүлэх, сэргийлэх бүрэн боломжтой болно.
Эхээс гарах үед эм тугалын өндгөвчинд 100000- аас дээш тооны анхдагч уутанцар агуулагдах бөгөөд түүнд мөн энэ тооны оогоонийн эс байдаг. Энэ нь нэг үнээ амьдралынхаа хугацаанд үүнтэй адил тооны өндгөн эс гадагшлах биологийн нөөцтэй гэсэн үг юм. Гэвч нэг үнээнээс  амьдралынх нь хугацаанд  дээд тал нь  10 гаруйхан тугал хүлээн авдаг.
Орчин үед хөврөл шилжүүлэн суулгах замаар хээлтэгч амьтны амьтны үржих биологийн чадавхийг нэмэгдүүлж байна. Хөврөл шилжүүлэн суулгах биотехнологи нь арвин ашиг шимтэй хээлтэгчийг сонгон олон уутанцар нэгэн зэрэг хөгжүүлж улмаар арвин ашиг шимтэй удамшил нь батажсан хээлтүүлэгчээр хээлтүүлж үр тогтоох, үүний үр дүнд нэгэн зэрэг олон хөврөл хөгжих бөгөөд түүнийг нь ялган авч үнэлэн шаардлага хангасан хөврөлийг ашиг шим багатай хээлтэгчид шилжүүлэн суулгах зэрэг дараалсан ажилбаруудын  үр дүнд арвин ашиг шимт хээлтэгчээс хүлээн авах төлийн тоог нэмэгдүүлэх явдал юм.
  Хөврөл шилжүүлэн суулгах биотехнологийн аргын үндсийг Английн эрдэмтэн В. Хип үндэслэсэн бөгөөд бүр 1890-ээд оны үед тавьсан бөгөөд ангор 23 туулайны үр хөврөлийг Бельги туулайд шилжүүлэн суулгах  туршилтыг  анх хийж  хэвийн хөгжилтэй төл хүлээн авч чадсан байна.
Үүний дараагаас дэлхийн ихэнх орнуудад хөврөл шилжүүлэн суулгах туршилтуудыг янз бүрийн мал амьтанд туршиж эхэлсэн байна. Малын үр хөврөлийг шилжүүлэн суулгахдаа мэс заслын ба мэс заслын бус аргыг хэрэглэдэг бөгөөд мэс заслын аргаар анхны торой ба хургыг ОХУ-д 1950-иад онд гарган авсан бол 1970-аад онд мэс зэс заслын бус аргаар  хөврөл шилжүүлэн суулгах замаар Английн Кембриджийн их сургуульд анхны тугалыг хүлээн авч байжээ. 1964 онд Японд анхны ишгийг хүлээн авсан байна. 1980-аад оноос баруун Европын орнууд болон АНУ- д хөврөл шилжүүлэн суулгах биотехникийн арга үйлдвэрлэлд нэвтэрч эхэлсэн ба одоо АНУ, Канад, Дани, Герман, Англи, Франц зэрэг олон оронд хөврөл шилжүүлэн суулгах  ажил үйлдвэрлэлийн хүрээнд нэгэнт шилжээд байна. Тухайлбал АНУ ба Канадад хөврөл шижүүлэн суулгах замаар 1979 онд 15000 тугал авч байсан бол 1990 онд 500 мянган тугал бойжуулж байжээ.
Биотехнологийн аргыг ашиглан хөврөлийг гүн хөлдөөж хадгалах боломжтой болсноор улс, тив хооронд өндөр ашиг шимт малын хөврөлийг зөөвөрлөн тухайн нутгийн малд шилжүүлэн суулгах замаар шинэ үүлдэр омгуудыг нутагшуулах боломжтой болсон. Анх 1961 онд Английн биологич Роусон туулайн өндгөн эс дамжуулах гуурсанд үнээний үр хөврөлийг өсгөвөрлөн түүнийгээ онгоцоор 6000 миль газар тээвэрлэж байжээ.
 
Биологийн салбарын шинжлэх ухааны хөгжилд ийнхүү биотехнологийн сүүлийн үеийн ололтуудыг ашиглан хээлтэгч, хээлтүүлэгч амьтны нөхөн үржихүйн биологийн боломжийг бололцоотой түвшинд ашиглах чиглэлээр ихээхэн амжилт олж байна. Түүнчлэн гадаад орчинд үр хөврөл өсгөвөрлөх, хүйсийг жолоодох,   ген шилжүүлэн суулгах,  амьтныг хувилан олшруулах зэрэг олон тооны ажлууд энэ салбарт амжилттай хийгдэж байна.
Энэхүү биотехнологийн шинжлэх ухааны ололтууд, шинэ аргуудыг өөрийн орны хөрсөнд буулгаж судалгаа, шинжилгээний ажил болон үйлдвэрлэлд нэвтрүүлж  ажиллах шаардлага мэргэжилтэн бидний өмнө тулгаараад байна.

Хорт хавдрыг Витамин С -ээр эмчлэх боломжтой

 http://www.bbc.co.uk/news/health-26038460#TWEET1038619