my photo

my photo

Saturday, November 22, 2014

Мал, амьтны өвчинтэй тэмцэх, шилжилт хөдөлгөөнийг зохицуулахад хяналт тавих

Монгол улсын Хөдөө аж ахуй, үйлдвэрийн
Сайдын 2000 оны 3 дугаар сарын 23-ний
өдрийн А / 49 дугаар тушаалын хавсралт


МАЛ, АМЬТНЫ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ, ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ
ЗОХИЦУУЛАХАД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.           Энэхүү журмын зорилго нь мал, амьтны өвчинтэй тэмцэх, мал, амьтны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэг нэгжээс нөгөөд шилжүүлэхэд тавих хяналтыг хэрэгжүүлэхтэй холбогдон төрийн болон мэргэжлийн байгууллага, иргэн хуулийн этгээдийн хооронд үүсэх нийтлэг харилцааг зохицуулахад оршино.


1.2.           Мал, амьтны өвчинтэй тэмцэх, шилжилт хөдөлгөөнийг зохицуулахад тавих хяналтыг Хөдөө аж ахуйн улсын хяналтын алба, тэдгээрийн төв, орон нутаг дахь мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нар хэрэгжүүлнэ.

1.3.           Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй иргэн хуулийн этгээд нь өмчийн хэлбэр харгалзахгүйгээр энэхүү журмыг дагаж мөрдөнө.

1.4.           Мал, амьтны өвчинтэй тэмцэх гэдэгт өвчний үүсгэгч шалтгааныг илрүүлэн оношлох, халдварын хязгаарыг тогтоох, хязгаарлалт, хорио цээрийн арга хэмжээ авах, өвчтэй мал, амьтныг ялган тусгаарлах, эмчлэх нядлах, устгах болон өвчнөөс сэргийлж вакцинжуулах, паразиттах өвчний эсрэг угаалга, туулгалт, боловсруулалт, ариутгал халдваргүйжүүлэлт хийх иж бүрэн арга хэмжээг ойлгоно.

1.5.           Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэг нэгжээс нөгөөд мал, амьтныг дор дурдсан зориулалтаар шилжүүлэхийг мал, амьтны шилжилт хөдөлгөөн гэнэ:

1.5.1.     Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх тарилга, угаалга, туулгалт, боловсруулалт, шинжилгээ зэрэг нэгдсэн арга хэмжээнд хамруулах, үржлийн болон хүнс, арилжаа наймаа, бэлгийн зориулалтаар мал, амьтныг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэг нэгжээс нөгөөд шилжүүлэх, тууварлах, тээвэрлэх ,
1.5.2.     Мал бүхий иргэд оршин суугаа газраасаа өөр аймаг, хот, сумын нутаг дэвсгэрт нүүж шилжин суурьших, отор нүүдэл хийх,
1.5.3.     Мал, амьтны үзэсгэлэн худалдаа, яармаг зохион байгуулах, цирк тоглуулах,
1.5.4.     Нэг аж ахуй, суурь, хот айлаас нөгөө аж ахуй, суурь, хот айлд сүрэг сэлбэх, суурь зохион байгуулах зорилгоор мал амьтныг шилжүүлэх / эрүүл мал, хуц, ухныг ялган сүрэглэх гэх мэт /

1.6.           Мал, амьтны өвчинтэй тэмцэх, шилжилт хөдөлгөөнийг зохицуулахад тавих хяналтыг хэрэгжүүлэхэд мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч дараах эрх, үүрэгтэй байна.

1.6.1.     Иргэн хуулийн этгээд энэхүү журмын 1.5 –д заасан үйл ажиллагааг явуулахад тухайн орон нутагт гэрээгээр үйлчилж  буй мал эмнэлгийн үйлчилгээний байгууллагаар үзлэг, шинжилгээ хийлгэж гэрчилгээ авсан эсэхэд шалгалт хийх,
1.6.2.     Тухайн орон нутагт гэрээгээр үйлчилж буй мал эмнэлгийн үйлчилгээний байгууллагаас энэхүү журмын 1.7.5.-д заасан арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавьж хэрэгжилтийг хангуулах,
1.6.3.     Холбогдох хууль тогтоомжийн дагуу бруцеллёз, сүрьеэ халдварт цус багасах болон бусад ужиг халдварт өвчний хяналтыг хэрэгжүүлж, өвчний халдварлалтын мэдээг дээд шатны мал эмнэлгийн байгууллагад гаргуулан өгөх,
1.6.4.     Энэхүү журмын 1.4 дэх хэсэгт заасан арга хэмжээг хэрэгжүүлэх үед тухайн орон нутагт гэрээгээр үйлчилж буй мал эмнэлгийн үйлчилгээний байгууллагаар мал, амьтанд тусгай ээмэг, им, тамга тавиулах арга хэмжээ авах,
1.6.5.     Цэвэрлэгээ, ариутгал  халдваргүйжүүлэлт, мэрэгчид, хортон шавьжийн устгал зэргийг мал, амьтан бүхий иргэн, хуулийн этгээдээр аж ахуйн үйл ажиллагаатай нь холбогдуулан зохих хууль тогтоомжийн хүрээнд хийлгэх,
1.6.6.     Халдварт, паразиттах өвчин гарсан болон гарч болзошгүй нутаг дэвсгэрээс тухайн өвчний үүсгэгчийг тараах магадлалтай мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүн, сэг зэм, бусад зүйлсийг шилжүүлэн хөдөлгөх аливаа үйлдлийг хязгаарлах, хориглох, халдваргүйжүүлэх зэрэг арга хэмжээг иж бүрэн авч хэрэгжүүлэх,
1.6.7.     Мал, амьтны шилжилт хөдөлгөөнөөс шалтгаалан гарч болох халдварт өвчний хор хөнөөл, түүнээс сэргийлэх талаар иргэн хуулийн этгээдийг ухуулга, сурталчилгаа, мэдээллээр хангах,
1.6.8.     Харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд мал туувар, тээвэрлэлтийн байдалд хяналт тавих,

1.7.           Мал, амьтны өвчинтэй тэмцэх, шилжилт хөдөлгөөнийг зохицуулахад тавих хяналтыг хэрэгжүүлэхэд тухайн орон нутагт гэрээгээр үйлчилж буй мал эмнэлгийн үйлчилгээний байгууллага дараах эрх үүрэгтэй байна:

1.7.1.     Харьяалах нутаг дэвсгэртээ мал, амьтны халдварт, паразиттах өвчний гаралт, тархалт, голомтын бүртгэл, судалгаа, картыг тогтмол хөтөлж байх,
1.7.2.     Өвчний гаралт, тархалт, голомтын бүртгэл, судлагаа, зураглал, үзлэг, шинжилгээний дүгнэлтэд үндэслэн халдварт, паразиттах өвчнөөр тайван, эрүүл суурь, сүргийн бүртгэл хөтөлж паспортжуулах,
1.7.3.     Мах боловсруулах үйлдвэр, мал нядалгааны газарт бэлтгэсэн болон үржлийн зориулалтаар худалдан авах ба худалдах мал, амьтанд халдварт, паразиттах, ялангуяа бруцеллёз, сүрьеэ, халдварт цус багасах болон бусад ужиг халдварт өвчнийг оношлох лабораторийн шинжилгээ заавал хийж, дүгнэлт гаргаж байх,
1.7.4.     Экспортлох, импортлох мал, амьтныг тодорхой хугацаанд / 14 – 30 хүртэл хоног / хорио, хязгаарлалтад байлгаж, Олон улсын болон улс хооронд байгуулсан мал эмнэлэг, хорио цээрийн гэрээ, хэлэлцээрт заасан нөхцлийн дагуу мал эмнэлгийн үзлэг шинжилгээ хийж, эрүүл болох нь тогтоогдсон үед зохих арга хэмжээ авах,
1.7.5.     Халдварт өвчин тархан дэлгэрэхээс урьдчилан сэргийлэхийн тулд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний явц, үр дүнгийн талаар дээд шатны мал эмнэлгийн байгууллага, хамаарах баг, сумдын Засаг дарга нарт мэдээлэх,
1.7.6.     Энэхүү журмын 1.7.5- д заасан арга хэмжээг явуулахаас 10 хоногийн өмнө доорхи мэдээллийг олон нийтэд мэдээлэх бөгөөд онцгой тохиолдолд уг хугацааг 3 хоног хүртэл богиносгож болно:
Ш      Уг үйл ажиллагааны зорилго,
Ш      Хамрагдах мал, амьтны төрөл,
Ш      Үзлэг, шинжилгээ, тарилга, туулгалт, угаалга, боловсруулалт, эмчилгээний төрөл, арга, хэлбэр,

1.8.           Мал, амьтны өвчинтэй тэмцэх, шилжилт хөдөлгөөнийг зохицуулахад тавих хяналтыг хэрэгжүүлэхэд иргэн, хуулийн этгээд дараах үүрэгтэй байна:

1.8.1.     Тухайн орон нутагт гэрээгээр үйлчилж буй мал эмнэлгийн үйлчилгээний байгууллагаар үзлэг, шинжилгээ хийлгэж гэрчилгээ авсны үндсэн дээр энэхүү журмын 1.5-д заасан үйл ажиллагааг явуулах,
1.8.2.     Үржлийн мал, амьтан худалдан авах, худалдах тохиолдолд мал эмнэлгийн лабораторийн шинжилгээг заавал хийлгэж, эрүүл болох нь тогтоогдсон нөхцөлд тухайн орон нутагт гэрээгээр үйлчилж буй мал эмнэлгийн үйлчилгээний байгууллагаас олгосон гэрчилгээтэйгээр шилжилт хөдөлгөөн хийж байх,
1.8.3.     Орон нутгийн засаг захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу мал, амьтны өвчинтэй тэмцэх арга хэмжээнд мал сүргээ бүрэн хамруулах,
1.8.4.     Мал, амьтны хашаа, байр, бэлчээр, уст цэг зэргийг ариутгал халдваргүйжүүлэлтэд хамруулах, шаардлагатай тохиолдолд халдварт өвчинтэй болон өвчний халдвар тараах магадлал бүхий мал, амьтныг нядлах, устгах, үхсэн мал, амьтны сэг зэмийг шатаах, булах, халдваргүйжүүлэх арга хэмжээ авах,
1.8.5.     Өөрийн болон зэргэлдээ суурь, сүргийн мал, амьтны өвчний байдлын талаар орон нутгийн засаг захиргаа, тухайн орон нутагт гэрээгээр үйлчилж буй мал эмнэлгийн үйлчилгээний байгууллагад байнга мэдээлж байх,

Хоёр. Хариуцлага

2.1. Энэхүү журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.


…………………о   О   о……………………

No comments:

Post a Comment