my photo

my photo

Saturday, November 22, 2014

Малын эмчид итгэмжлэл олгох түр журам

Хүнс, хөдөө аж ахуйн сайдын
2002 оны А / 60 дугаар тушаалын
1 дүгээр хавсралт
МАЛЫН ЭМЧИД ИТГЭМЖЛЭЛ
ОЛГОХ ТҮР ЖУРАМ

Нэг. Нийтлэг журам
1.1. Энэхүү журмын зорилго нь мал, амьтны өвчний оношлогоо, шинжилгээ, тарилга, туулгалт, боловсруулалт, угаалга, эмчилгээ, мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд,
бүтээгдэхүүн, малын тэжээлд хийж байгаа мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ,
баталгаажуулалт, орчны эрүүл ахуйн үнэлгээ зэрэг мал эмнэлгийн ажил, үйлчилгээг гардан
гүйцэтгэх мэргэжлийн итгэмжлэл /цаашид “итгэмжлэл” гэх/-ийг сум, дүүргийн малын эмчид
олгохтой холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.2.Итгэмжлэл бүхий малын эмч нь мал эмнэлгийн ажил, үйлчилгээг гардан гүйцэтгэх эрхтэй.
1.3. Малын эмчид итгэмжлэл олгох ажлыг төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо бүхий байнгын ажиллагаатай магадлан итгэмжлэх Зөвлөл / цаашид Зөвлөл гэх /гүйцэтгэнэ.
1.4. Зөвлөл нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлж гаргасан эрх зүйн актууд, энэхүү журмыг удирдлага болгоно.



Хоёр. Мал эмнэлгийн ажил, үйлчилгээ явуулах итгэмжлэл олгох

2.1. Итгэмжлэлийг мал эмнэлгийн ажил, үйлчилгээ явуулахыг хүссэн, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан малын эмчид Зөвлөлийн шийдвэрээр олгоно.
2.2. Итгэмжлэл олгохын тулд Зөвлөл, сургалтын байгууллагатай хамтран боловсруулсан олон сонголттой сорилоор шалгалт / цаашид шалгалт гэх / авна.
2.3. Шалгалтыг батлагдсан зааврын дагуу олон сонголттой сорилоор авах бөгөөд шалгалтын сорил болон зааврын төслийг Зөвлөл боловсруулж, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаар батлуулна.
2.4. Итгэмжлэл олгох шалгалтад орохыг хүссэн малын эмч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ:
а/ шалгалтад орохыг хүссэн өргөдөл
б/ иргэний үнэмлэхийн хуулбар
в/ боловсрол, мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар
г/ 4 х 6 хэмжээний 2 хувь зураг
д/ биеийн байцаалт / батлагдсан маягтаар /
2.5. Итгэмжлэл олгох шалгалтад орохыг хүссэн малын эмч дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
2.6. Аймаг, нийслэлийн мал эмнэлгийн алба нь сум, дүүргийн малын эмч нарыг итгэмжлэл олгохтой холбогдох мэдээллээр хангана.
2.7. Малын эмч нь итгэмжлэл олгох шалгалтад орох тухай хүсэлтээ аймаг, нийслэлийн
мал эмнэлгийн албадаар дамжуулан Зөвлөлд шалгалт эхлэхээс 30 хоногийн өмнө гаргана.
2.8. Зөвлөл нь дээд, дунд боловсролтой малын эмчид итгэмжлэл олгох шалгалт авахад баримтлах заавар, сорилын ерөнхий агуулга, чиглэлийн талаар шалгалт эхлэхээс 6 сарын өмнө
малын эмч нарт урьдчилан мэдэгдэнэ.
2.9..Хүнс, хөдөө аж ахуйн сайдын тушаалаар батлагдсан бүрэлдэхүүн бүхий комисс сум, дүүргийн малын эмч нараас итгэмжлэл олгох шалгалт авна.
2.10. Нийт 51%-иас доошгүй оноотой малын бага эмч, 67%-иас дээш оноо авсан малын
их эмчийг итгэмжлэл олгох шалгалтад тэнцсэн гэж үзнэ.
2.11. Итгэмжлэл олгох, эсэх тухай шийдвэрийг шалгалт авч дууссанаас хойш нэг сарын дотор Зөвлөлөөс гаргана.
2.12. Зөвлөл нь шалгалтад тэнцсэн малын эмчид итгэмжлэлийн гэрчилгээ олгох бөгөөд энэ нууцлагдсан код, дугаартай, үнэт цаас байна.
2.13. Шалгалтад тэнцээгүй малын эмч тодорхой сургалтад хамрагдсаны дараа дахин шалгалт өгөх эрхтэй.
2.14. Шалгалтад тэнцсэн малын эмчид итгэмжлэлийг 5 жилийн хугацаагаар олгоно.
2.15. Малын эмч нь итгэмжлэл олгох шалгалтад орох болон гэрчилгээ авахдаа төлбөр
төлөх бөгөөд төлбөрийн хэмжээг ХХАА-н сайдын тушаалаар батлана.

Гурав. Итгэмжлэлийн хугацааг сунгах
3.1. Итгэмжлэлийн хугацааг дараах шаардлагыг хангасан нөхцөлд сунгана:
а/ мал эмнэлгийн ажил, үйлчилгээ эрхлэх талаар хүлээсэн гэрээний үүргээ биелүүлсэн
байх;
б/ сум, дүүргийн Засаг дарга, мэргэжлийн хяналтын байцаагч болон үйлчлүүлэгчдийн
тодорхойлолт;
в/ тодорхой чиглэлээр сургалтад хамрагдан, сургалтын кредит хангасан болохыг нотлох
баримт /гэрчилгээ, үнэмлэх, диплом г.м/
д/ 4 х 6 хэмжээний 2 хувь зураг

Дөрөв. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагаа

4.1.Зөвлөл нь төрийн захиргааны төв байгууллага, мал эмнэлгийн мэргэжлийн болон
төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий 9 хүртэлх гишүүний бүрэлдэхүүнтэй байна.
4.2. Зөвлөлийн хуралдааныг Зөвлөлийн даргын шийдвэрээр зарлан хуралдуулна.
4.5. Зөвлөл нь үйл ажиллагаанд Улсын мал эмнэлгийн газрын баланк, тамга, тэмдгийг
хэрэглэнэ.
4.6. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудал болон түүнтэй холбогдох
бичиг баримтыг хуралдаан эхлэхээс 3-аас доошгүй хоногийн өмнө Зөвлөлийн гишүүдэд
хүргүүлнэ.
4.7 .Зөвлөл нь ажлынхаа тайланг Хүнс, хөдөө аж ахуйн Сайдын зөвлөлд жил бүрийн
12 дугаар сарын 20-ны дотор танилцуулна.
Тав. Зөвлөлийн үүрэг
5.1. Итгэмжлэл олгоход баримтлах заавар, шалгуурыг оновчтой тогтоохын тулд тухайн
цаг үеийн эрэлт шаардлагатай уялдуулан зохих судалгаа явуулж, хэрэгжүүлэх арга хэмжээг
тодорхойлно.
5.2. Итгэмжлэл олгохтой холбогдуулан малын эмч нарыг тодорхой чиглэл, зөвлөмжөөр хангана.
5.3. Итгэмжлэл олгох асуудлаар тодорхой чиглэлийн сургалтуудыг төрийн бус мэргэжлийн олон нийтийн болон сургалтын байгууллагуудтай хамтран зохион байгуулах замаар тасралтгүй боловсролын тогтолцоог бүрдүүлнэ.
5.4. Зөвлөл нь итгэмжлэл олгох шалгалтын ажлын хэсгийг арга зүйн удирдамжаар хангана.
5.5. Итгэмжлэгдсэн малын эмчийн судалгааг нэгтгэж улсын хэмжээний нэгдсэн бүртгэл хөтлөнө

Зургаа. Зөвлөлийн эрх

6.1. Малын эмчид итгэмжлэл олгох асуудлаар баримтлах чиглэл, шалгуур, сургалтын төлөвлөгөө, кредитийг хэлэлцэн шийдвэрлэнэ.
6.2. Итгэмжлэлтэй холбогдох асуудлаар тодорхой санал боловсруулж эрх бүхий дээд байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.
6.3 .Итгэмжлэл бүхий малын эмч холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, тухайн байгууллага, орон нутгийн эрэлт, шаардлагыг хангаж ажиллаагүй, мэргэжлийн алдаа гаргасан нь нотлох баримтаар тогтоогдвол итгэмжлэлийг хүчингүй болгоно.
6.4. Итгэмжлэлтэй болон итгэмжлэл нь хүчингүй болсон малын эмчийг нийтэд мэдээлнэ.
6.5. Итгэмжлэл олгох шалгалтад орох хүсэлтээ гаргасан малын эмч нарт холбогдох заавар зөвлөмж, үүрэг өгөх, шаардлага тавина.

Долоо. Хүлээх хариуцлага

7.1. Энэхүү журмыг зөрчсөн албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

No comments:

Post a Comment